Byasalgal.mn

ВИПАШЯНА БЯСАЛГАЛ

“МОНГОЛ ДАХЬ ВИПАШЯНА БЯСАЛГАЛЫН АЛБАН ЁСНЫ “ДХАММА-МАХААНА” ТӨВ

Их багш Леди Саяадав

Ламтан Леди Саяадав 1849 онд Хойд Бирмийн Швебо раойны (одоогийн Монива дүүрэг) Дипейн дүүргийн Сайнг Пиен тосгонд мэндэлжээ. Түүний багын нэрийг Маунг Тет Хаунг гэдэг байжээ. (Маунг гэдэг нь Бирмчүүдийн эрэгтэй хүүхэд, залуучуудыг дууддаг нэр юм. Багш хүнд ч мөн адил хэрэглэгддэг, Тет гэдэг нь ямар нэгэн юманд авирах бол Хаунг гэдэг нь дээвэр, оргил гэсэн гэсэн утгатай үг ажээ.) Түүнийг залуу наснаас нь хойш Маунг Тет Хаунг буюу оргил өөд бүх хичээл зүтгэлээрээ авирах хэмээн нэрлэж ирсэн нь батлагдсан.

Тэрээр төрөлх тосгондоо хүүхдүүдэд Бирмээр унших бичих, Пали хэлээр уншлага уншихыг заадаг лам нарын уламжлалт хийдийн сургуульд орж суралцжээ. Ер нь Бирмчүүд бичиг үсгийн маш өндөр их уламжлалтай хүмүүс юм.

Тэрээр 8 насандаа өөрийн анхны багш У Нанда Дхажа Саяадавт шавь орон суралцаж эхэлсэн бөгөөд 15 насандаа багшаасаа гэцэл сахил хүртэж Нана Дхажа (Билиг ухааны дуаз) нэрийг авчээ. Тэрээр Пали хэлний дүрэм болон тус хэл дээрхи ном сургааль, ялангуяа Абхидхармагийн зааварчилгаа болох Абхидамматтха сангаха зэрэг тайлбар сурвалж бичгүүдийг үзэж суралцжээ. Хожим нь тэрээр Абхидамматтхасангахад тайлбар болгож Параматтха-дипани (Туйлын үнэний гэгээ) бага зэрэг маргаантай ботийг зохиосон ба удалгүй алдааг нь зассан билээ. Түүний засварыг хуврагууд зөшөөрснөөр стандарт тайлбар болж чадсан юм.

XIX зууны дунд үед Гэцэл байхдаа өдөр ном судраа тогтмол үзэж харуй бүрий болоход лам нартай нийлж цээжээрээ уншлага уншдаг байжээ. Энэ маягаар ажиллаж тэрээр Абхидхаммаг төгс судалжээ.

18 насандаа гэцэл Нана Дхажа орхимжоо тайлж, богино хугацаанд энгийн хүний амьдралд буцжээ. Тэрээр өөрийнхөө боловсролоо зөвхөн Ганжуураар хязгаарлагдаж байна хэмээн сэтгэл нь хангалуун бус болдог байжээ. Зургаан сарын дараа түүний анхны багш болон нөлөө бүхий багш Миенхтин Саяадав нар дахин ламынхаа амьдралд эргэн ирэхийг хүссэн боловч тэрээр татгалзсан юм.

Миенхтин Саяадав “чи бага ч болов боловсролоо ахиулна шүү дээ” гэж санал тавьсаны дагуу Маунг Тет Хаунг сурах эрмэлзэлтэй, хөгжилтэй байсан учраас тэр саналыг шууд хүлээн авчээ.

“Чи эртний Хиндуизмийн ариун ном болох Ведэд суралцахыг хүсэж байна уу? гэж асуухад,

“Тийм ээ, эрхэм ээ” гэж хариулахад

“Сайн байна, ингэхийн тулд чи гэцэл сахил хүртэх хэрэгтэй” хэмээн багш нь хариулав. Еэу тосгоны У Гандхама багш чамайг шавиа болгож авахгүй шүү” гэхэд

“Би гэцэл сахил хүртэе” хэмээн зөвшөөрөв.

Ингэж тэрээр дахин хуврагын амьдралаа орхихооргүйгээр гэцэлийн амьдралдаа эргэн ирсэн юм. Хожим нэгэн шавьдаа аминчилан хэлэхдээ:

“Эхэн үедээ би Ведийн тухай мэдлэг ухаанаа ашиглан хүмүүсийн хувь төөргийг зурж амьралаа авч явья гэж бодож байлаа, харин дахин гэцэл болсон минь түүнээс илүү аз тохиосон хэрэг байсан юм. Багш нар маань үнэхээр их ухаантай хүмүүс байсан бөгөөд  тэдний хязгааргүй хайр энэрэл намайг аварсан билээ.”

Ухаант Нана Дхажа гэцэл Гандхама багшийн халамж хяналтан дор Ведэд 8 сарын дотор мэргэшиж, Ганжуур буюу Типитакаг үргэлжлүүлэн судалж эхэлжээ. 1866 оны дөрөвдүгээр сарын 20-нд 20 насандаа хуучин багш У Нанда Дхажаг сахилын багшаа болгон гэлэн сахил залжээ.

1867 онд борооны улирал эхлэхээс өмнөхөн гэлэн Нана Дхажа сахилын багшаасаа салж, эрдэм номоо Мандалаяд үргэлжлүүлэхийн тулд төрсөн нутаг Монивад иржээ.

Тэр үед Мин Дон Мин хааны (1853-1878) засаглалын үед Бирм улсын хаант улсын нийслэл Мандалая хот бөгөөд байсан эрдэм ухааны том төв байжээ. Тэргүүлэх зэргийн лам багш нараас гадна энгийн эрдэмтэн багш нараар хичээл заалгадаг болжээ. Тэрээр гол төлөв Маха Жотикарама хийдэд амьдарч, Вишүддхимагга буюу Ариуслын зам мөрийг Бирм хэлэнд орчуулсанаараа алдаршсан багш гэлэн Сан Кяунг Саяадаваас суралцжээ.

Энэ үед Сан Кяунг Саяадава 2000 оюутанаас 20 асуулттай шалгалт авсан бөгөөд ганцхан гэлэн Нана Дхажа бүх асуултанд үнэн зөв хариулт өгсөн юм. Эдгээр хариултуудыг хожим 1880 онд Парами Дипани буюу Төгс төгөлдрийн гэгээ нэртэйгээр хэвлэсэн нь түүний Пали, Бирм хэлээр бичсэн олон номнуудын анхных нь байсан юм.

Түүнийг Мандалаяд суралцаж байх хугацаанд эзэн хаан Мин Дон Мин Хуврагуудын Тавдахь Чуулганыг ивээн тэтгэж, Ганжуурыг шүүж уншуулахаар хол ойроос хуврагуудыг урин залав. Энэ чуулган 1871 онд Мандалаяд болж, жинхэнэ сургаалийг 729 гантиг чулуунд сийлэн бичсэн нь өнөөг хүртэл Мандалая толгодын бэлд алтан Кутодав Суврагыг тойрсон жижиг сувраган доор хадгалагдаж байна. Энэ чуулганд гэлэн Нана Дхажа Авхидхаммагийн шалгалтыг бэлтгэх, орчуулахад тусалсан юм.

Гэлэн болсноос хойш найман жилийн дараа гэлэн Нана Дхажа бүх шалгалтандаа тэнцсэний дараа өөрийн сурч байсан  Маха Жотикарама хийдэд Пали хэлний үндсийг заадаг болжээ.

Дахин 8 жил тэнд багшлан өөрийн эрдэм ухааны ажлаа үргэлжлүүлж байгаад 1882 онд 36 насандаа Монивад шилжин иржээ. Тэр үед Монива нь Ганжуурыг хэсэг хэсгээр нь бус цогцоор нь заадгаараа алдартай газар байсан Чиндвин голын зүүн эрэгт дүүргийн жижиг төв байв.

Гэлэн гэцлүүдэд Пали хэл заахын тулд тэрээр өдөр нь Монивад ирж орой нь Лакпан Таунг уулын бэлийн жижиг хийдэд шөнө бясалгал хийхээр Чиндвин голыг гаталж нөгөө эрэгт нь очдог байжээ. Тун удалгүй олон олон лам хуврагууд түүнд ирэн шавь орж эхэлсэн үеэс хойш Леди Тавяа хийдийг үүсгэн байгуулсан бөнөөд энэхүү хийдийн нэрээр түүнийг Леди Саяадав хэмээн дуудах болжээ. Монива тосгоны өнөөгийн өргөжсөн үндсэн шалтгаан нь хүмүүс Леди Саяадавын хийдэд хошууран ирдэгтэй холбоотой гэж үздэг. Бясалгал хийхийг хүссэн олон бясалгагчидад бясалгал зааж байхдаа голын нөгөө эргийн жижигхэн бясалгалын байрандаа бясалгалаа үргэлжлүүлдэг байв.

Леди ойн хийдэд 10 гаруй жил болохдоо тэрээр өөрийн үндсэн эрдмийн ажлаа хэвлүүлэхэд бэлтгэж эхэлсэн бөгөөд анхных нь дээр дурдсанчилан 1879 онд хэвлэгдсэн Параматтха-дипани (Туйлын үнэний гэгээ) байсан ба хоёрдохь нь Нирутта Пипани хэмээх Пали хэлний дүрмийн номнуудаа гаргаснаар Бирмд эрдэмт хуврагуудын дунд нэр хүндтэй болсон юм.

Леди Тавяа хийдэд түшиглэн Бирмээр явж бясалгал ном зааж байсан Бурханы сургаалийн онол, практикт мэргэшсэн ховор хүн байсан юм. Ийнхүү Бирм орноор аялан явж байхдаа олон ном бүтээлээ туурвижээ. Жишээ нь тэрээр Мандалаягаас Проме орох замдаа хоёрхон өдрийн дотор Патичча Самуппада Дипаниг бичсэн бөгөөд үүнийг бичихэд түүнд ямар ч гарын авлага, ном байгаагүй зөвхөн өөрийнхөө Ганжуурын мэдлэгэндээ тулгуурлан зохиожээ. “Буддизмийн гарын авлага” номонд нийт 76 гарын авлага, тайлбар, өгүүлэл, болон бусад дуусгаагүй бүтээлийнх нь жагсаалт багтдаг ажээ.

Хожим тэрээр Бирм хэлээр Бурханы сургаальтай холбоотой олон арван ном бүтээл туурвисан. Туурвил бүтээлээ энгийн тариачинд ч ойлгогдох хэлээр бичихийг эрмэлздэг байсан ба түүнээс өмнө энгийн хүмүүст зориулсан бурханы сургааль ховор байдаг байв. Хуврагууд тэдэнд Пали хэлээр урт шүлэг ном уншиж өгөөд номын хэллэгээр ярьж өгдөг байсан нь энгийн хүмүүст ойлгоход хэцүү байсан аж. Энэ нь Леди Саяадавын ариун номыг нийгмийн бүх давхрагад хүргэх гэсэн номын бодит туршлагын хүч, энэрэн нийгүүлсэхүй сэтгэлийнх нь үр дүн биз ээ. Абхидхамматтха Сангахагийн орчуулга  Бирм хэл дээрх 2000 шүлэг бүхий Параматтха Санкепа нь залуучуудад зариулагдсан бөгөөд өдгөө ч их алдартай. Түүний шавь нар энэхүү номыг ашиглан Абхидхаммаг суралцах олон нийгэмлэгийг байгуулжээ.

Бирм орноор аялаж явахдаа үхрийн мах идэхийг цээрлэх тухай сургаж, цагаан хоол идэж, үхрийг хоол хүнсэнд зориулан алахгүй байхыг уриалсан Го Мамса Матика номоо бичжээ.

Шинэ зуунтай учран золгох тэр цагт анхны энгийн хүн түүнд шавь орж, удалгүй Бирм даяар алдартай Випашяна бясалгалын багш болсон У По Тет (С.Н. Гоенкагийн багш Саяажи У Ба Кины багш) байлаа.

Эрдэмтэн, Бясалгалын багш хэмээн алдаршиж, 1911 онд Энэтхэг, Бирмийг захирч байсан Английн Засгийн газраас түүнд Агга Маха Бандида буюу Билгүүн номч (тухайн үед эрдэмтэн хүнд олгодог хамгийн дээд эрдмийн цол) цол хүртээжээ.  Мөн Рангууны Их Сургуулиас Утга Зохиолын Доктор цолоор шагнагдсан. 1913-1917 оны хооронд Пали Хэлний Нийгэмлэгийн Рис Дэвидтэй харилцаатай байж Абхидхаммагийн орчуулгын тухай ярилцаж, хожим Пали Хэлний Нийгэмлэгийн Сэтгүүлд хэвлэгджээ.

Тэрээр өөрийн амьдралаа олон жил бүдэг гэрэлд суралцах, уншиж судлах, бичих үйлээ хийдэг байснаас насныхаа эцэст хараа нь мууджээ.  73 насандаа сохор болж, үлдсэн амьдралаа зөвхөн бясалгах, бясалгал заахад зориулах болов. 1923 онд 77 насандаа Бирм орноор аялан явах үедээ өөрийн нэрээр байгуулж байсан олон хийдүүдийн нэг болох Рангуун Мандалая хоёрын хооронд орших Пиенманад нирваан дүр үзүүлжээ.

Ламтан Леди Саяадав нь тухайн үеийн бурханы сургаалийн нүүр царай болж байсан хүн юм. Ариун номын зам мөртэй учран золгосон хүн бүр Випашяна бясалгалыг энгийн хүмүүс хийх боломжтой болгож өгсөн энэхүү ариун гэгээн, эрдэмтэн хуврагад гүн талархаж илэрхийлж явах нь зүйтэй. Нэмж хэлэхэд түүний туурвисан товч товч тодорхой ном бүтээл, сургааль нь Ариун номын практикийг маш их тодорхой болгож өгсөн юм.

  1. Саяадав хэмээх нэрний утга нь хаанд ном айлддаг ахмад хуврагын (Тера) алдар бөгөөд өдгөө их хүндтэй хуврагуудыг дуудахад хэрэглэгдэх болжээ.
  2. Абхидхамма гэдэг нь Пали ганжуурын 3-р хэсэг болох Бурханы сургаальд оюун материйн бодит байдлын талаар гүн гүнзгий, дэлгэрэнгүй, тусгай нэр томъёогоор тайлбарласан боть юм.
  3. Типитака хэмээх нь Пали ганжуурыг бүхэлд нь хэлдэг бөгөөд Гурван аймаг сав гэсэн утгатай. Гурван аймаг сав нь Винай буюу Номхотхуун Сахил санваарын аймаг, Сутта буюу Сударын аймаг, Абхидхамма буюу Илтийн аймгаас бүрддэг.
“Хуврагуудаа, үүсээд устан үгүй болох мөн чанартай мэдрэмжид дурлан таашаахын аюул хийгээд түүнд үл автаснаар хүлээснээс салж чөлөөлөгдөхийг илтээр онож, туршлагаараа мэдэрсэн тул би бээр гэгээрлийн хутгийг олсон билээ.” хэмээжээ.

Випашяна бясалгалыг үйлдсэнээр тэрээр юмс үзэгдлийн мөн чанарыг олж харахад саад болж байсан сэтгэлийн мунхаг, төөрөгдлийг арилгаж бүх ертөнц шалтгаан ба түүний үр дагавар гэсэн гинжин хэлхээсээр нөхцөлдсөн байдаг тухай шүтэн барилдлагын хуулийг нээсэн байна. Ямарч юмс ба үзэгдэл шалтгаанаас үүсэх бөгөөд шалтгааныг үгүй хийвэл түүнээс үүсэх ямарч үр дагавар үгүй болно. Иймд зовлонг үүсгэгч шалтгааныг бүрэн устгаж чадсан хүн жинхэнэ аз жаргалд хүрч бүх зовлонгоос чөлөөлөгдөх болно. Үүнийг ойлгож мэдсэнээр тэрээр бидний сэтгэл хүсэл шунал үүсэх дадалтай байдгаас юмс үзэгдлийг оршин байгаа мэт хуурмаг төсөөллийг үүсгэж байдаг гэх туйлийн үнэнийг олж мэдсэн байна. Ийнхүү түүний билгүүн ухааны хурц гялбаа мунхагийн харанхуйг нэвтлэн гэрэлтэхэд, сэтгэлийн гүнд үлдсэн өчүүхэн хир буртаг нь угаагдан арилсан байна. Түүний сэтгэл бүх хүлээснээс салж, цаашид үүсэх ямарч хүсэл шунал үгүй болсон ба туйлын үнэнг мэдэрч төгс гэгээрэлд хүрсэн байна. Одоо тэр Саммасамбудда буюу огоот туулсан бурхан болжээ. Түүний дор нь сууж гэгээрсэн модыг Бодь мод гэж нэрлэх болсон ба одоо Бодгаяа орчим байдаг байна.

Төгс гэгээрэлд хүрэх тэр мөчид түүний бодолд дараах үгс орж ирсэн байна.

“Тоолж баршгүй олон төрлийг дамжин би сансарын хүрдэнд эргэлдэж өөрийн бүтээгчийг хайсан ч олж үл чаджээ.  Би бээр дахин дахин төрөл авч зовлонг эдэлж байж. Намайг бүтээгч таныг би одоо харж байна. Та одоо намайг дахин бүтээж чадахгүй болсон. Гол багана болон хана бүгд нуран унав. Миний сэтгэл одоо бүх үйлийн үрээс  ангижирлаа. Ямарч хүсэл үгүй шатанд би хүрлээ.” хэмээжээ

Гэгээрснийхээ дараа Будда долоон долоо хоног нирвааны амгаланг эдлэн өнгөрүүлсэн байна. Түүний дараа Бирмийн худалдаачид болох Тапассу, Балика нар ирж будааны боов зөгийн бал зэргийг өргөв. Тэр хоёр,  дэлхийн хүмүүсийн дундаас хамгийн анхны Бурханы болон номын авралд багтсан шавь нар болсон байна. Энэ үед хувраг гэх ойлголт үгүй байжээ. Бирмийн түүхэн тэмдэглэлд энэ хоёр худалдаачин одоогийн Рангүүний ойролцоо орчмын эртний Оккал хотоос гаралтай гэж бичсэн байдаг. Хамгийн түрүүнд бирм хүмүүс Бурхан болон ариун номонд хүндэтгэл үзүүлсэн ба Бурхан гэгээрсний дараа хамгийн түрүүнд Бирмийн будаа зөгийн балыг зооглож байсан гэдгээр өнөөгийн Бирмчүүд их бахархдаг байна. 

Бурхан бээр хязгааргүй их энэрэн нигүүлсэх сэтгэлтэйн учир Ариун номыг сургахаар шийджээ. Түүний хоёр багш  Лара Калама, Уддака Рамапутта нар номыг хамгийн түрүүнд ойлгож чадах хүмүүс байсан боловч аль хэдийн энэ хорвоогоос явсан байлаа.   Тиймээс тэр Саранатийн ойролцоох Исапатана-мигадаяа гэх газар байрлах Варанасын бугат шугуйд очиж түүнийг гэгээрэхийн өмнөхөн орхин одсон 5 даяанчад эхлэн номоо заахаар шийдэв. Ийнхүү Асана сарын /7 ба  8 сар/ тэргэл сартай өдөр номын хүрдийг эхлэн эргүүлж төв зам мөрийн тухай буюу “Даммасакаппаватана Сутта” сургаалиа тэдэнд айлдахаар   замд гарсан байна.  Тэд Бурханы хамгийн анхны хувраг шавь нар болсон байна. Энэ сургаалийнхаа дараа тэрээр “Анатта-лакка Сутта” сургаалиа тэдэнд айлдсаны дараа тэд Випашяна бясалгал хийснээр 5 хувраг бүгд төгс гэгээрэлд хүрч архад болцгоожээ.  Тэд мөнх бус, зовлон болон би үгүйн мөн чанарыг /аничча, дукка, анатта/ билгүүн ухаанаараа онож чаджээ. Төдөлгүй түүн дээр баян тансаг амьдралтай хэдий ч сэтгэл нь тавгүйтэж гүйцсэн Варанасагийн том худалдаачны хүү Яаса гэгч ирж сахил хүртжээ.  Мөн түүнийг дагалдан явсан 54 найз нар нь мөн хуврагууд болцгоосон байна. Тэд бүгд ариун номын шимийг хүртэж эрж байсан амар амгалангаа олсон төдийгүй бясалгалаа үргэлжлүүлсээр архантын шатанд хүрчээ.

Яасагийн эцэг эх хоёр ч мөн ариун номын замд орж Гурван эрдэнийн авралд багтсан хамгийн анхны хар хүмүүс болжээ. Гурван эрдэнэ гэдэг нь Бурхан, Ном, Ариуссан хувраг бөгөөд ариун номын сургаалийг даган мөрдөхийг тэдгээрийн авралд багтах гэж хэлдэг байна.

Үүний дараа борооны улирал эхэлсэн тул Будда Саранатын ойролцоо 60 хуврагуудтайгаа хамт байрлан борооны улирлыг өнгөрөөх үед тэд бүгд архад болсон байна. Ингээд борооны улирал дуусахад Бурхан тэдэнд ийн зааварлажээ. 

“Хуврагуудаа хамаг амьтанд амар амгалан хайрлахын тулд зүг бүрт аялцгаа. Ертөнцийн хүмүүс, тэнгэрүүдийн сайн сайхан, тусын төлөө энэрэн нигүүлсэх сэтгэлийг үүсгэн нэг ижил зүгт давхардан бүү явцгаа.” хэмээжээ.

Будда эдгээр 60 хуврагыг ариун номыг бусдад хүртээхийн тулд зүг бүрт илгээсэн ба тэд бүгд үнэнийг олж зовлонгоос чөлөөлөгдөх замыг туулж гэгээрсэний хувьд  өөрсдөө бурханы сургаалийн бодит үлгэр жишээг үзүүлэгч нар байсан юм. Иймээс тэд зөвхөн айлдвар үг дамжуулагчид төдий бус хүмүүст юу сургаж байгаагаа практик дээр хэрэгжүүлэх чадварыг зааж өгч чадаж байсан байна. Ариун номын мөн чанар нь түүнийг хэрэгжүүлж эхлэх мөчид л шууд үр дүнгээ өгч эхлэх төдийгүй, замын дунд, замын төгсгөлд ч үр шимээ өгсөөр байдаг явдал юм.  Бурханы сургаалийг даган үйлдэхийн ашиг тус илт тодорхой байдаг. Түүний сургаалийг янз бүрийн шашин шүтлэг, гарал үүсэл, угсааны хүмүүс сонирхдог. Янз бүрийн шашны тэргүүлэгч нарч ариун номын сургаалийг даган хэрэгжүүлсэн жишээ олон байдаг.  Тухайлбал Буддаг Урувел дах Сенанигама руу явж байх замд 30 даяанч  нар ирж түүнээс сахил хүртсэн байдаг.  Мөн Урувелд Кассапийн  3 ах дүүс өөрийн 1000 дагалдагч нартай хамт ирж хуврагууд болцгоосон байдаг.  Түүгээрч зогсохгүй Сарипутта, Могаллана зэрэг даяанч нар ирж сахил хүртэн түүний тэргүүлэх шавь нар болцгоосон байна.      

Тухайн цаг үед амьдарч байсан олон чухал хүмүүс ариун номыг сонирхон ирж байсан гэдэг.  Тухайлбал, Вимбасар, Судходан, Празенажита зэрэг хаад, Анатапиника, Йотияа, Жанила, Меннака, Пуннака, Какавалия зэрэг нэртэй худалдаачид,  мөн Вишака, Суппаваса, Кема зэрэг алдартай эмэгтэйчүүд тэддний дунд байжээ.  Эдгээр алдар цуутай хүмүүс ариун номыг дэлгэрүүлэх үйлсэд олон тооны бясалгалын хийд барьж  чин сэтгэлээсээ ихээхэн хэмжээний хандив өргөсөн байдаг.  Тэд илүү олон хүмүүс ариун номыг сурч бясалгал үйлдэн зовлонгоосоо салах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ийнхүү тусалдаг байсан гэдэг. 

Будда үүний дараагийн 2 дах, 3 дах болон 4 дэх борооны улирлыг Бимбсар хааны бэлэглэсэн хулсан ойн төгөлд өнгөрүүлж түүнээс цааш борооны нэг улиралд зөвхөн нэг л газарт үлдэж дараагийн газар луу шилжин явж байжээ. Будда бүхий л амьдралаа Хойд Энэтхэгийн нутгаар аялж ариун номын үрийг хүртээхэд зориулсан байна.

Нэгэн удаагийн аялал нь Судходана хааны урилгаар Капилавату нутагт үргэлжилсэн ба Сакяачуудын гүн хүндэтгэлийг хүлээсэн байна. Энэ аяллын үеэр мянга мянган Сакяачууд хуврагийн эгнээнд  нэгдэж тэдний дунд түүний хүү Рахула болон түүний хойд эхээс гарсан дүү Нанда бас байжээ. Мөн тэдний хамт Ануруда, Баддия, Ананд, Багу, Кимбила, Девадата болон Упали зэрэг хааны удмынхан ирж нэгдсэн байна.

Харин  5 дах борооны улирлаар түүнийг Весалид байх үед түүний эцэг болох Суддохана хаан насан эцэслэж бэлэвсэн хоцорсон хойд эх Махапажапати Готами түүнээс эмэгтэйчүүдийг хуврагийн эгнээнд хүлээн авахыг хүссэн байдаг. 

Ийнхүү энэ үеэс гэлэнмаа нарын чуулган анх үүссэн байна. 

Дараагийн борооны улирлыг тэрээр Манкулапаббатад, харин 7 дахийг Таватинсад өнгөрүүлэхдээ Абхидамма буюу Дээд сургаалиа өөрийн эх Махамая болон тэнгэрүүдэд айлджээ.

Энэ мэтээр 8-аас 19 хүртэлх борооны улирлуудыг тэрээр Бесакалвана, Кошамби, Парилэяака, Эканана, Веракжа, Каликапаббата, Жетавана, Капилавату, Анави, Ражага зэрэг  газруудад өнгөрүүлсэн байна.

Харин 20 дахь борооны улирлын үеэр тэр 999 хүний амийг хороогоод байсан алуурчин Ангулималагийн амьдралыг бүрэн өөрчилсөн гэдэг. Ангулимала бурханы сургаалтай учирснаар ариун явдалтай нэгэн болж хожим архад болж гэгээрсэн юм. Энэ үйл явдал Ражагад болсон гэдэг. 

Түүнээс цааш хорин нэгээс дөчин зургаа дахь борооны улирлаар  Саватийн Жетавана хийд болон Пуббарама хийд зэрэг газруудад саатсан байна.

Будда бүхий л замын турш хуучин мухар сүсэг, амьтны амиар тахил өргөгч хийгээд янз бүрийн итгэл үнэмшилтэй бүлэглэлүүдийн зүгээс дайсагнах үйлдэлтэй байнга тулгардаг байжээ. Тухайлбал түүнийг ямар нэгэн ичгүүртэй байдалд оруулахыг оролдох, элдэв муу хэрэг төвөгт хутгалдуулах зэрэг оролдлогууд гарч байсны дотор Девадата гэгч сүсэгтэн хуврагын чуулганыг ичгүүртэй хутгах болон Буддагийн амь биед халдах оролдлогыг удаа дараа янз бүрийн аргаар хийсэн  гэдэг. Ийн оролдох бүр Бурхан бээр хэмжээлшгүй их хайр, энэрэн нигүүлсэх сэтгэл, билгүүн ухааны хүчээр бэрхшээлийг даван гарч зовсон олонд үйлчлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.

Будда  80 настай байхдаа Весалд айлчилсан ба энэ үед Амбапали гэгч нэгэн баян биеэ үнэлэгч бүсгүй түүнд зоог барихын хамт Амбалланника цэцэрлэгийг хуврагын чуулганд бэлэг болгон өгсөн байдаг.  Випашяна бясалгалыг үйлдсээр тэр бүсгүй муу замаасаа салж, хожим нь архант болж гэгээрчээ.

Үүний дараа бурхан Пава хүрч Кундагийн манго жимсний цэцэрлэгт морилон байхдаа тэрээр зоог барьсаны дараа бие нь ихээхэн доройтсон байна.  Энэ бол түүний хамгийн сүүлийн удаа барьсан зоог байсан ба хэдий доройтсон боловч тэрээр Кушинар хүрэхээр цааш аяллаа үргэлжлүүлжээ.  Тэнд хүрсний дараа Бурхан Анандад хандан гадуур хувцсаа хоёр модны дунд тавихыг хүсээд түүний  насны төгсгөл ирснийг мэдэгдсэн байна.  Энд түүнийг дагалдан явсан олон хуврагууд, хар хүмүүсээс гадна түүнийг хүрээлэн олон тэнгэрүүд цуглаж эцсийн хүндэтгэл үзүүлж харин Бурхан тэдэнд эцсийн захиас сургаалиа айлджээ.

“Нөхцөлдөж үүссэн бүхэн устах жамтай

Нэг зүтгэлээр ариусалд шамдагтун”хэмээжээ

Бүтсэн бүхэн зайлшгүй төгсдөг жамтай

Өөрийн тонилохыг зоримог гүйцэтгэ.

Ийнхүү өөрийн айлдсаныг биеэр үзүүлэн МЭӨ 544 оны Вешака сарын тэргэл  сартай өдөр Будда 80 насандаа Махапариниббана буюу нирваан дүрийг үзүүлжээ.